Хэрхэн хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах талаар зааж өгөх вэ?
2011-06-13,22:47
Та л хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах талаар зааж өгнө. Хүн бүр л үр хүүхэддээ маш их хайртай байдаг. Тиймээс ч тэднийхээ хүссэн амттан, тоглоомыг мөнгө харамлалгүйгээр худалдан авч өгдөг биш гэж үү. Хэдий бид үр хүүхэддээ хайртай ч тэдний хүссэн бүхнийг шидтэн шиг үргэлж биелүүлэхээсээ урьтаж ирээдүйд бий болж болох муу үр дагаврыг тооцох хэрэгтэй юм. Та л хүүхэддээ мөнгөтэй зөв харьцах талаар зааж өгнө. Судлаачдын үзэж байгаагаар хүүхдийг бүр багаас нь тухайлбал 3 настайгаас нь эхлэн санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх талаар сургах нь илүү үр дүнтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл энэ нь хүүхэд 3 настайгаасаа эхлэн санхүүгээ хэрхэн зөв зохицуулж сурах тал дээр бусад үеийнхнээсээ илүү чадварлаг байдагтай холбоотой юм. Та хүүхэддээ багаасаа хүссэн бүхнээ хуруугаараа заагаад л авч болдог юм гэсэн буруу сэтгэлгээнд огтхон ч суралцуулж болохгүй бөгөөд мөнгөний үнэ цэнийг халаасны мөнгөний тусламжтайгаар ойлгуулж, мэдрүүлж болох юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар хүүхдэд хангалттай халаасны мөнгийг тогтмол өгч, мөнгөө хэрхэн хэрэгцээтэй зүйлдээ зөв зохистой захиран зарцуулах талаар зааж, зөвлөж байх хэрэгтэй юм. Харин хангалттай халаасны мөнгө гэж юу вэ? Хэзээнээс энэ мөнгийг хүүхэддээ өгч эхлэх нь зүйтэй вэ? Судлаачдын үзэж байгаагаар хүүхэд 3 настайгаасаа эхлэн мөнгийг эд бараа болон хоол хүнсээр сольж, үйлчлүүлж байгааг ойлгож эхэлдэг байна. Хэрвээ таны хүүхэд 10 нас хэдийн хүрсэн ч халаасны мөнгөө үеийн хүүхдүүдтэйгээ харьцуулахад зөв зүйтэй зүйлд зарцуулж чадахгүй байна гэдэг ирээдүйд бий болж болох бас нэгэн томоохон сул тал болох юм. Магадгүй таны хүүхэд энэ бүх зүйлд хараахан суралцах нас нь болоогүй гэж та бодож байвал энэ нь өрөөсгөл ойлголт юм. Багаасаа халаасны мөнгөө зөв зохистой зарцуулж сураагүй хүүхэд өсвөр насандаа илүү олон бэрхшээлтэй тулгардаг болох нь олон жилийн судалгаагаар харагджээ. Америкийн ихэнх эцэг эхчүүд үр хүүхэддээ халаасны мөнгийг нэг долоо хоногоор тооцож өгөх юм уу, нэг сараар нь өгч үүнийгээ жил ирэх тусам 50 цент юмуу 1 доллараар нэмж өгдөг байна. Энэ нь чи жилээс жилд өсөн том болж, том хүн шиг мөнгийг ухаалаг зарцуулж сурах хэрэгтэй гэсэн итгэлийг төрүүлдэг байна. Заримдаа эцэг эхчүүд үр хүүхдээ урамшуулах зорилгоор халаасны мөнгийг хангалттай хэмжээгээр өгөх үе байдаг. Энэ нь таны хүүхдэд юу юунаас илүү томоохон бэлэг болох бөгөөд энэ тохиолдолд тэд мөнгөө үр ашигтай зүйлд зарцуулах нь тодорхой юм. Үүгээр дамжуулан хүүхэд ямар их хөдөлмөрөөр халаасны мөнгө бүтдэг болохыг ойлгох болно. Гэхдээ та хүүхэддээ өрөөгөө цэвэрлэвэл, гэрийн даалгавараа хийвэл, хувцасаа угаах зэрэг хэвийн ажил хийвэл урамшууллын халаасны мөнгийг өгнө гэсэн буруу ойлголтыг огт төрүүлж болохгүй бөгөөд харин өөрөөр нь халаасны мөнгө олоход нь туслах хэрэгтэй. Эцэг эхчүүд заримдаа их ажлын ачааллаас болж хүүхэддээ амласан халаасны мөнгөө өгөхөө мартчихдаг. Хэрвээ та хүүхдээ санхүүгийн зөв тооцоотой амьдрахад суралцуулахаар зорьж байгаа бол та ч гэсэн хэлсэн ярьснаа хэзээ ч битгий мартаарай. Мэргэжлийн Санхүү төлөвлөгч Ларри Бэлтрано 7 настай бяцхан охиндоо 7 хоног тутамд 3 доллар өгдөг бөгөөд энэ нь түүнийг хүссэн бүхнээ худалдан авахад хүрэлцээтэй байхаар тооцсон мөнгө юм. Та хүүхдээ юунд сонирхолтой, мөнгөө өөрт хэрэгцээтэй ямар зүйлд зарцуулж болохыг таамаглаж байж болох юм. Хүүхэд ямарваа нэг зүйл шинээр худалдаж авахаасаа өмнө боддог бөгөөд тухайлбал тэр өөрөө өөртөө хэрвээ энэ амтат шоколадыг худалдаж авахгүй бол дараа долоо хоногт үсэндээ гоё хавчаар худалдан авч чадах болно гэдэгт хүргэх юм. Энэ нь тэднийг биеэ даасан, том хүн болоход нь тусалдаг. Мөн тухайн хүүхдийн хүйснээс шалтгаалан эцэг эхчүүд халаасны мөнгө харилцан адилгүй өгдөг болох нь судалгаагаар харагджээ. Өөрөөр хэлбэл охид хөвгүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр хэрэгцээ шаардлагатай болох нь харагджээ. Үүнийг бас халаасны мөнгө өгөхдөө тооцохоо битгий мартаарай. Гэхдээ ах дүү хоёрын хооронд ээж аав намайг түүнээс илүүд үзлээ, багад тооцлоо гэсэн ойлголтыг хэзээ ч төрүүлж болохгүй гэдгийг битгий мартаарай. Ингээд таны хайртай хүү охин чинь 3 настайгаасаа эхлэн яаж мөнгөө зөв зохистой захиран зарцуулах талаар хэнээс ч илүү мэдлэг чадвартай болж чадах юм.